Эм үйлдвэрлэгчдийн онилсон Монголын баялаг

-Гадаадынхан ургамлын хандыг даавуунд шингээн хилээр гаргаж, технологи хулгайлж байна- Вансэмбэрүүг байгалиас авахдаа газар, лусыг аргадан, идээ будаа өргөж, эх газрынх нь хүйснээс тэнгэрт үзүүлэлгүй тасалдаг нь монгол ёсон. Ингэж ёс төртэйгээр авсны дараа хатааж, хорт хавдар, ханиад, уушгины өвчин эдгээх эм бэлтгэж, энэ хэрээр анагаах, илааршуулах увдис чадал нь нэмэгддэг гэдэг.

Энэ зан үйл нь тухайн ургамлын нөөц, тархцыг хамгаалах ухаан болохоос сүсэг бишрэлтэй огт холбоогүйг МУИС-ийн Биологийн тэнхимийн багш Д.Нямбаяр онцолсон юм. Энэ бол байгаль, тэр дундаа ургамлыг хайрлан, хамгаалах монголчуудын уламжлалт ухаан. Эх болсон байгаль дэлхийгээ хамгаалах, харилцах өвөрмөц зан заншилтай ард түмэн билээ, бид.

Гэвч гадаадынхан, мөнгөнөөс өөрийг бодохоо больж, тэдэнтэй нийлсэн цэвдэг сэтгэлтнүүдээс энэ баялгаа хэрхэн хамгаалах талаарх бодлого, дархлаа өнөө хэр байхгүйг судлаачид онцолж, зовних болов. Гадаадын аль нэг орны дурын нэг судлаач хамтарсан багт ажиллах нэрийдлээр манайхаас хулгай хийх боломжтой гэнэ. Ургамлын гаралтай эм, бэлдмэл үйлдвэрлэгч томоохон корпорацууд “дархлаагүй” орнуудыг онилох болсон, тэр дотор Монгол багтсан гэх бараан мэдээ байна.

Хүн төрөлхтөн өнгөрсөн онд зөвхөн эмэнд 989 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ. Энэ нь урьд жилийнхээсээ 30 орчим хувиар өссөн үзүүлэлт аж. Хүн ам өсөх хэрээр өвчлөл ихсэж, үүнийг дагаад эм, бэлдмэлийн хэрэглээ эрс нэмэгдэж буйн нотолгоо энэ. Харьцангуй хурдацтай хөгжиж, ашиг орлого нь нэмэгдсэн салбарын тоонд ч эм үйлдвэрлэл багтах болж.

Дэлгэрүүлбэл, АНУ, ХБНГУ, Австрали энэ салбарт тэргүүлдэг байна. АНУ гэхэд эм, бэлдмэл үйлдвэрлэлийн зах зээлээс өнгөрсөн онд төвлөрүүлсэн нийт орлогын 37 хувийг дангаараа бүрдүүлсэн тухай биологич, байгаль хамгааллын шинжээч, “Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга” төслийн зөвлөх Т.Жаргал онцлов. Энэ чиглэлийн үйлдвэрлэл хөгжихийн хэрээр дэлхийн орнууд, ялангуяа томоохон корпорацууд биологийн идэвхт бодис (эмчилгээний өндөр үр ашигтай) ихтэй ургамлын эрэлд гарчээ.

Эмийн гол түүхий эд нь ургамал. Хэдийгээр энэ нь ургадаг, төлждөг баялаг ч гэлээ зах замбараагүй, хяналтгүй олборлон түүвэл нөөц нь хомсдоно, дуусна. Тиймээс анагаах ухаан, эм үйлдвэрлэлийг өндөр түвшинд хөгжүүлсэн орнууд нөөцөө барчихаад одоо бусдын “тогоо”-руу өндийж эхэлжээ. Харин тэдний хайсан, хүссэн нөөц бидэнд бий. Ургамал хууль бусаар хил давуулах зөрчил манайд сүүлийн үед гаарсан нь ч дэлхий дахинд эм үйлдвэрлэл эрчээ авсан, биологийн идэвхт бодис үнэд хүрсний илрэл.

Монголд биологийн ийм нөөц хангалттай бий ч бид үйлдвэрлэгч бус, ашиглагч төдий байгаа учир хамаг байдгаа гадаадынханд барьж гүйх шалтгаан болжээ. Дэлхий дээрх түм бум ургамлаас Монголынх хамгийн үнэтэйд тооцогддог гэнэ. Хүнээр бол элит, сэхээтэн гэж ойлгож болох нь. Үүний учрыг биологич Т.Жаргал “Манай орон эрс тэс, хуурай уур амьсгалтай, ган, зудын эрсдэл өндөртэй.

Монголын шим ертөнц байгаль, цаг уурын энэ шалгуурыг даван тэсвэрлээд өнө удаан жил ургасан учраас үнэд хүрдэг. Ургамлын ген сайн, ашигт бодисын агууламж өндөр. Бид л нийслэл нэртэй нэг хонхортоо шавааралдаад байгаагаас биш, манай орон хотжилтод харьцангуй бага өртсөн. Эмийн томоохон компаниуд ийм газрыг эдийн засаг, стратегийн өндөр ач холбогдолтой гэж үзээд, сонирхох боллоо” гэж тайлбарласан.

Түүний хэлсэн ортой аж. Генетик нөөц (амьтан, ургамал, бичил организм)-ийн үр шим, ашгийг тэгш хүртээх, хуваах тухай Нагояагийн протоколд нэгдсэн орнуудын дунд явуулсан судалгаагаар ч хотжилтод харьцангуй бага өртсөн, ургамлын нөөц баялаг, эмийн түүхий эд нийлүүлэх, хангах нөхцөл боломж өндөр зэрэг үзүүлэлтээр Монгол бүс нутагтаа дээгүүрт явна. Биотехнологийн чиглэлээр хамтарсан судалгааны баг ажиллуулах, туршлага солилцуулах зорилготой элдэв төслийн санал сүүлийн үед манайд ирэх нь олширсон нь ч үүнтэй холбоотой гэж судлаачид өгүүлэв.

Генетик, тэр дундаа ургамлын нөөцийг зохистой ашиглах, түүнээс бий болгосон үр ашгийг тэгш хүртээх тухай Нагояагийн протоколд нэгдсэн орнууд энэ харилцааг зохицуулах хуультай байдаг. Манайх 2012 онд энэ үзэл баримтлалд нэгдсэн ч одоо л дөнгөж Генетик нөөцийн тухай хуультай болохоор ярьж эхэллээ. Мөн Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад ургамлын нөөцийг хамгаалах чиглэлээр нэлээд чухал заалт оруулах гэж буй талаар БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булган хэлсэн.

Хэрэв эдгээрийг ажил болговол иргэд ургамлыг дураараа түүж бэлтгэх эрхгүй болох юм байна. Мөн ургамлыг баялаг, мөнгө гэж хардаг гадаадынхан манайх руу тэр бүр халдах боломжгүй болно. Ялангуяа эмийн салбарынхан.

Гэхдээ баярлах эртэднэ. “Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайлан”-д дурдсанаар манай улсын ургамлын аймаг сүүлийн 30 жилд 2815 буюу 40 орчим хувиар өсөж, 7315 зүйлтэй болсон таатай мэдээ байна. Гэхдээ эмийн зориулалттай ашигт ургамлын нөөц багассаар буй аж. 2015-2016 онд холбогдох мэргэжилтнүүд 60 орчим зүйл ургамлын тархац, нөөц, биологи, эдийн засгийн үнэлгээг тогтооход ганга, юлдэн, байгалийн гүүн хөх, намгийн сургар зэрэг нь үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах нөөцгүй нь тодорхой болжээ.

Ганцхан жилд дөрвөн зүйлийн ургамал ингэж ховордоно гэдэг харамсалтай. Бид ургамлыг анагаах ухаанд ашиглаж ирсэн баялаг уламжлалтай. Үүнээсээ болоод иргэд аливаа ургамлыг дураараа түүж, бэлтгэх нь элбэг. Энэ нь хязгаарлагдмал тархацтай, эмчилгээний өндөр үр ашигтай ургамлын нөөц багасах нэг шалтгаан болж байна. Түүнчлэн үйлдвэрлэлийн зориулалтаар гэх нэрийдлээр ховор, нэн ховор ургамлуудаа жилд тонн тонноор нь экспортолдог.

2008-2016 онд гэхэд л анагаах ухаан, эм үйлдвэрлэлд ховорт тооцогддог дэрвэгэр жиргэрүү, хээрийн цагаан мөөг, эгэл бавран, хонин арц, урал чихэр өвс, хөх нэрс, хусны өмхөн туруудай 533.3 тонныг гадаадынханд (БНХАУ, БНСУ, Япон руу зонхилохыг нь экспортолсон) бэлэглэжээ. Гэтэл тэд эдгээр ургамлаас гарган авсан бүтээгдэхүүнээ бидэнд хэд дахин өндөр үнээр худалддаг байх жишээтэй.

Тухайлбал, япончууд чихэр өвснөөс гарган авсан элэгний хатуурлын эсрэг эмний үнэ тэнгэрт хадсаныг дээрх судлаачид онцолсон юм. Нагояагийн протоколын үзэл баримтлалд дурдсанаар, биологийн нөөцөөр баялаг зарим орон технологи хөгжөөгүйгээс түүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, ашгийг нь хүртэж чаддаггүй байна. Харин технологийн хөгжилтэй золгосон зарим нь ийм нөөцөөр ядуу улсын нөөц хүчийг ашиглаж, “дээш гардаг” гэнэ.

Энэ ангиллаар манайх эхнийхэд нь багтана. Байгалиас харамгүй заяасан нөөц, баялаг бий ч түүнийг чулуу болгож, үнэд хүргэж чаддаггүй. Энэ их баялгаа харсаар байгаад харийнхны хоол болгохгүйн тулд бид толгойгоо ажиллуулах хэрэгтэй. Холбогдох хууль, журмаа ч баталъя, хяналтаа ч сайжруулъя. Ядаж л энд тэнд эмийн ургамал худалдаалагчдыг цэгцэлье. Гадаадынхан цаана чинь ургамлын хандыг даавуунд шингээн хилээр гаргаж технологи хулгайлж байна гэнэ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

8 thoughts on “Эм үйлдвэрлэгчдийн онилсон Монголын баялаг

  1. Батсайхан 2018-05-04 17:23 at 17:23

    Энэ бичвэрийн сэдэл таалагдлаа. Харин, худал мэдээлэл бусдад түгээх нь уучилж болшгүй алдаа…Монгол улсын хил дотор 7315 зүйл цоргот ургамал сүүлийн 30 жилд “бий болох” үндэслэл үгүй юм. Худал хэлж, хүмүүсийг хуурахаа болих хэрэгтэй, энэ сэтгүүлч гэх хүмүүс.

    Хариулах
  2. Мөөг 2018-05-04 20:00 at 20:00

    Манай оронд цагаан мөөг бараг ургахаа больсон иймучиртай байжээ.Өөрсдөө хоол хүнсэндээ хэрэглэхгүй байж гадагш мицельтэй хамт гаргахаар ургахаа зогсохоос яахав

    Хариулах
  3. Зочин 2018-05-04 20:18 at 20:18

    76 маанаг ийм хууль батлахад толгой нь хүрэх болов уу . Харин өөрсдөө нийлээд хамт хулгайгаар гаргаж байж магадгүй л гарууд шүү . Тэр олон төсөл хөтөлбөрүүдийг хориглох хэрэгтэй . Тэд ямар ямар ургамал ургадаг нөөц боломжийг нь судлах гэж тагнуул хийх гэж орж ирж байгаа шүү

    Хариулах
  4. Zochin 2018-05-05 10:57 at 10:57

    Denduu hairan,uls orniihoo bayalgiig unelj meddegui, elberch uhsen tsarailsan yumnuud heden bor tegregnees bolj bugdiig gadagch gargaj baina ,heden jiliin daraa manaid iim hovor urgamal urgadag baij bilee geed sanaashraad suuh baikh daa,odoonoos urgamal gargadagiig zogsoomoor yum, hediigeer tuuhii ed ch gesen tsaanaa ochood chuluu bolj baigaa bolohoor uls ch gesen dur meden gargaj baigaag hurdan zogsooj huul gargah heregtei baina

    Хариулах
  5. zochin 2018-05-05 16:12 at 16:12

    dugui unsan, haraa hyanaltgyi gants hoerooroo yavdag juulchidaas bolgoomjiloo,yamarch zorilloggyi bie huls hycheen baran zelyyd uul tald heden arvan honogoor hench yavahgyi shyy dee

    Хариулах
  6. Зочин 2018-05-05 21:31 at 21:31

    Дэрвэгэр жиргэрүү г дуусгаж байгаа юм бна даа

    Хариулах
  7. зочин 2018-05-06 13:00 at 13:00

    Үр хүүхэд минь яаж амьдарна даа. Ямар улс үлдээх гээд байгаагаа нэг ухаараач

    Хариулах
  8. irgen, 2018-05-06 18:10 at 18:10

    Huuli busaar hiigdej baigaa gemt hereg bolgond mongoliin tagnuuliin gazar, Mongoliin tor buruutai,,,,ene 2 uls ornoo hamgaalhgui um bol hench yuch hiine shyydee, byh umand chadvargui tor buruutai !!!!!!

    Хариулах

zochin-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн