Өнөөдөр гамшгийн эсрэг дуут дохио дуугарна

Өнөөдөр (2017.03.23) гамшгийн эсрэг дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна. Таван минут үргэлжлэх  эхний дуут дохиогоор төрийн захиргааны байгууллага, аж ахуй нэгж, гамшгаас хамгаалах улсын албад, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг хамрагдана. Ингэхдээ   газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагааны “Нуугд- Суу- Хүлээ” зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогсох юм. Хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, объектыг орхин гарах бөгөөд гараараа болон гарын доорхи зүйл ашиглан толгойгоо хамгаалж “Гүйхгүй, Эргэж буцахгүй, Хашгирахгүй, Түлхэлцэхгүй” гэсэн зарчмаар барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зай талбайд цугларч дадлага сургуульд оролцох юм байна. Энэ нь газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, танин мэдүүлэх зорилготой юм.

Монгол Улсын Засгийн газраас анх  2011 онд “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-ыг 339, 340 дүгээр тогтоолоор баталсан байдаг. Энэ дагуу жил бүрийн  гуравдугаар сарын дөрөв дэх пүрэв гаригийн 16.00 цагт гамшгийн аюулыг зарлан мэдээллэх дохиогоор дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай.

 

 

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн