Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2017.11.01) хуралдаан 10 цаг 24 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн даргалав.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 06 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.

Цэцийн дунд суудлын хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт “Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах;” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргажээ. Иймээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт “Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ.” гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Үндсэн хуулийн цэцийн 06 дугаар дүгнэлтийн талаар Байнгын хорооны гишүүдэд танилцуулсан юм. Тэрбээр цэцийн дунд суудлын хуралдаанд хийсэн тайлбартаа “… Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт “Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ:” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг … Улсын Их Хуралд оруулах;” гэсэн энэхүү журмаар Ерөнхий сайдад нам, эвслээс нэр дэвшүүлж, Ерөнхийлөгч түүнийг томилох саналыг Улсын Их Хуралд оруулах үйл ажиллагааг хөндөөгүй бөгөөд Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүдийн олонхи нь дэмжээгүй бол хэрхэн өөр хүний нэр дэвшүүлэхийг тодруулан зааж өгсөн зохицуулалт юм. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан нэр дэвшүүлэх нөхцөл, журмыг хөндөөгүй бөгөөд өөр хүнийг нэр дэвшүүлэх саналыг оруулж ирэх хугацааг тодорхойлон зааж өгч, өмнө нь тогтоосон байсан хугацааг богиносгож, төрийн үйл ажиллагааны залгамж, чанарыг алдагдалгүй авч явах зэрэг нөхцөлийг бүрдүүлж, 7 хоногийн дотор нэр дэвшүүлэх хугацааг зааж өгсөн болно.

Мөн үйл ажиллагааны хувьд хэрэв олонхийн саналыг авахгүй бол хэрхэн зохицуулахыг тодорхойлон зааж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан Улсын Их Хуралд олонхи суудал авсан намын эрхэд халдаагүй заалт юм. Харин Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-37.3 дахь хэсэгт Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасны дагуу Ерөнхий сайдад томилох саналыг хэлэлцэхээр хуульчилсан байгаа нь олонхийн санал аваагүй тохиолдолд нөхөн нэр дэвшүүлсэн тохиолдолд мөн журмаар явах зохицуулалт юм.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэсэн зарчмыг баримтлан Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг нэр дэвшүүлэх эрх бүхий нам, эвслийг тодорхойлсон болон санал оруулах эрх бүхий Ерөнхийлөгчийн эрхийг заасан Үндсэн хуулийн заалтыг зөрчилгүй, төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах зохицуулалт хийж буй заалт гэж үзэж буйгаа тайлбарласан байна. Мөн уг маргаантай холбогдуулан цэцийн гишүүдийн асуултад тодорхой хариулт өгчээ.

Гэвч цэцийн дунд суудлын хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан учраас цэцийн 06 дугаар дүгнэлтийг хүлээн аваад хуульд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй юм гэсэн байр суурьтай байгаагаа тэрбээр хэлсэн юм.

Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан нар цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх талаар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү цэцийн дүгнэлтийг хүлээж аваад холбогдох хуульдаа өөрчлөлт оруулах нь зүйтэй, түүнчлэн одоо яригдаж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаа нэг мөр болгож сонгуулийн тогтолцоо, хот, тосгоны эрх зүйн байдал, төрийн албаны баталгаатай холбоотой цөөн хэдэн заалтыг оруулах нь зүйтэй юм гэсэн байр сууриа хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ цэцийн дүгнэлт гэсэн тохиолдлын байдлаар төрийн байгууллын эрх зүйн зохицуулалтыг өөрчлөөд байх биш засаглалын институци хоорондын харилцааны асуудлыг цогцоор нь эргэн харж авч үзэх цаг болсон, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан дэгийн хуулийн энэ заалт нь төрийн ажил гацахад хүргэж байгаа бол дүгнэлтийг хүлээж аваад хуульд тодорхой өөрчлөлт оруулах нь зөв гэж үзэж буйгаа хэлсэн юм.

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжлээ.

Иймээс энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн