“Ах дүү мусульманчууд” Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хүсэлтэй байна

Египетэд хориглодог, алан хядах бүлэглэл гэгддэг “Ах дүү мусульманчууд” хөдөлгөөнийхөн ирэх 2018 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд ямар ч хамаагүй аргаар оролцох хүсэлтэй байгаа тухай тус хөдөлгөөний гадаад харилцааны төлөөлөгч Мухаммед Совейданы ярианаас эш татан “Йоум7” портал мэдээлжээ.

Тус хэвлэлд тэмдэглэснээр “Ах дүү мусульманчууд” үүгээрээ нэг талаас засгийн эрхээс хөөгдсөн Ерөнхийлөгч асан Мухаммед Мурсигийн ялагдлыг хүлээн зөвшөөрч байгаа гэнэ. Харин нөгөө талаас Египетийн улс төрийн тавцанд эргэн ирэхийг оролдож байгаа аж.

Совейдан “2018 оны сонгуульд манайх нэр дэвшигчээ оролцуулах, эсвэл өөр нэр дэвшигчдийг дэмжихийн аль нэг аргаар оролцсоноор хөдөлгөөнөө улс төрд эргэж ирэх хүчтэй түлхэц болно гэж бодож байна” хэмээн хэлснийг Исламын нэгэн телевизийн суваг дамжуулжээ.

“Ах дүү мусульманчууд” нийгэмлэгийг анх 1928 онд хөдөө аж ахуйн багш Хасан аль-Банна Египет улсаа исламын улс болгох зорилгоор байгуулсан түүхтэй. Хожим нь ах дүү нарын салбарууд Сири, Иордан, Палестины газар нутаг зэрэг олон оронд дэлгэрсэн. “Ах дүү мусульманчууд” лалын шашинт хүн ам давамгайлсан бүх улс орнуудад исламын дэглэм тогтоож, улсын хил заагийг хүлээн зөвшөөрөхгүй зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Египетэд энэ нийгэмлэг олон жилийн турш хориотой байсан ч 2011 онд Ерөнхийлөгч Хосни Мубаракийн дэглэм унаснаас хойш тус хөдөлгөөн цорын ганц зохион байгуулалттай хүчин болж, парламент, Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулан тус улсын засгийн эрхийг авсан билээ.

Исламыг дэмжигч Ерөнхийлөгч Мухаммед Мурси төрийн тэргүүнээр сонгогдсон 2013 онд Египетэд түүнийг огцрох, ээлжит бус сонгууль явуулахыг шаардсан эсэргүүцлийн томоохон хөдөлгөөнүүд өрнөж эхэлсэн байна. Ингээд Абдель Фаттаха ас-Сисигийн командлал дор 2013 оны долоодугаар сарын 3-нд Египетийн арми хүч хэрэглэн Мурсиг засгийн эрхээс түлхэн унагаж, түүнийг хорионд авч, засгийн эрхийг Үндсэн хуулийн шүүхэд шилжүүлжээ.
Мурсиг дэмжигчид энэ үйл явдлыг хүлээн зөвшөөрөхгүй, эсэргүүцлийн олон үйл ажиллагаа явуулж, үүний улмаас хэдэн арван хүн мөргөлдөөнд амиа алдсан юм. Абдель Фаттахас-Сиси Батлан хамгаалахын сайдынхаа ажлаас татгалзаж, 2014 оны тавдугаар сард Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож ялалт байгуулсан байна.

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн