Гянтболд олборлож хилээр гаргахдаа хахууль авсан албан тушаалтнуудыг шүүнэ

– Б.Үнэнбат, Р.Баатархүү, Ховдын ИТХ-ын дарга Г.Пүрэвганди зэрэг 30 хүнийг яллагдагчаар тооцжээ –

Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай газраас хууль зөрчин ашигт малтмал олборлож, түүнийгээ хилээр гаргахын тулд албан тушаалтнуудад хээл хахууль өгсөн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 25-нд хэлэлцэхээр товлолоо. Монгол Алтайн нурууны нэгэн салбар болох дээрх нуруу нь аргаль, угалз тархсан цөм нутаг бөгөөд ховор ургамал, амьтан элбэгтэй, байгалийн үзэсгэлэн бүрдсэн бүс учраас УИХ-ын 2002 оны 39 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан байдаг. Тэнд алтайн сонгино, ягаан мүгэз, вансэмбэрүү зэрэг ховор, хөмүүл, тошлой, мөөг, хар хад зэрэг цайны ургамал, зээргэнэ, эмгээлж, ягаан башига, сибир гандага, барагшун зэрэг эмийн, Монголын “Улаан ном”-д орсон хонин арц, тэмээн харгана ургадаг аж. Мөн аргаль, угалзаас гадна ирвэс, нохой зээх, буга, янгир, хойлог зэрэг дэлхийд ховордсон амьтан, жигүүртэн бий гэдэг.

Гэвч БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар тэргүүтэй албан тушаалтнууд хууль зөрчин тушаал гаргаж, “Өгөөжтэй өв” ХХК-ийнханд ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгосон аж. Уг нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлд “Газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх”-ийг хориглохоор заасан. Үүнийг дээрх албан тушаалтан хээл хахууль авч зөрчсөн байж болзошгүй гэх хэрэгт холбогдоод байгаа юм. Ингэхдээ УЕПГ-ын Тамгын газрын, Хууль зүйн яамны ТЗУГ-ын, Архивын ерөнхий газрын дэд дарга зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Б.Үнэнбат, “Өгөөжтэй өв” ХХК-ийн удирдах албан тушаалтан С.Чинбат, Г.Эрдэнэ-Очир, “Бэлон” ХХК-ийн захирал Р.Баатархүү, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, тус аймгийн Цагдаагийн газрын дарга асан Ц.Ганболд, ОХУ-ын иргэн М.А.Кожинов, И.В.Гуськов тэргүүтэй 30 хүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, МБА-ны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн хамтарсан ажлын хэсгийнхэн яллагдагчаар тооцон шалгаж, НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа юм.

Тэднийг Эрүүгийн хуулийн 20.3-1 дэх хэсгийн “Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж, түүнд элссэн”, 22.4, 22.5-д заасан “хээл хахууль авсан, өгсөн”, 24.2-1-ийн “Хууль бусаар ашигт малтмал хайж, ашиглаж, олборлосон”, 18.6-3 хэсгийн “мөнгө угаасан”, 21.10-1-т заасан “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн гэсэн үндэслэлээр прокурор яллах дүгнэлт үйлджээ. Тэднийг Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутаг дахь Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай бүсийн Цагаан эрэг гэх газарт “Өгөөжтэй өв” ХХК-ийн нэр дээр нөхөн сэргээлт хийнэ хэмээн хууль бусаар гянтболд (вольфрам) олборлож, гэмт хэрэг байнга үйлдсэн, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, уурхайн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, цагдаагийн байгууллага болон бусад хяналтын байгууллагаас хяналт, шалгалт хийлгэхгүй байх, хууль бусаар олборлосон гянтболдыг хяналт, шалгалтгүй тээвэрлэх зорилгоор нэр бүхий шүүгдэгч нарыг зохион байгуулалттай гэмт бүлэгт элсүүлсэн, элссэн, хээл хахууль өгч, авалцсан хэмээн буруутгаж буй билээ. Уг хэрэгт Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн даргаар ажиллаж байсан дэд хурандаа С.Батзаяаг холбогдуулан 2000 ам.долларын хахууль авсан гэж буруутган 2018 оны зургадугаар сараас шалгаж эхэлсэн ч өдгөө хэргийг нь тусгаарлан бусад 30 холбогдогчийг нь шүүхэд шилжүүлээд байгаа аж.

Бэлтгэсэн: Г.Равжаа

5 thoughts on “Гянтболд олборлож хилээр гаргахдаа хахууль авсан албан тушаалтнуудыг шүүнэ

  1. novsh 2020-09-19 21:07 at 21:07

    Buudaad buudaad yavaxgyi bol ene zavxral zogsoxgyi ee. Ex ornoo zaraad diuslaa.

    Хариулах
  2. Анхаа 2020-09-20 07:46 at 07:46

    Тангараг өргөж төрийн албанд орсон хүмүүстэй хариуцлага бүүр хатуу тооц. Бүх завхарал ,улсын эсрэг гэмт хэрэг төрийн албаны 198мянган хүнээс гарч байна.

    Хариулах
  3. Нэргүй 2020-09-21 04:57 at 04:57

    Тангараг өргөх гэж юу юм.эрүүгийн хуулинд тангараг өргөсөн хүн тангарагаа зөрчвөл 2 дахин хүндрүүлж өршөөлгүй шийтгэнэ гэж заалт оруулах ёстой.тангарагийн үнэ цэнийг мэдүүлэх ёстой.тэгэхгүй бол зүгээр билэгдэл төдий болох нь гэж.өршөөлд оруулж болохгүй.

    Хариулах
    1. Нэргүй 2020-09-21 07:49 at 07:49

      Тиим

      Хариулах
  4. Zochin 2020-09-21 16:48 at 16:48

    Iim surtei yum boloh ch gej

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн