Дэлхийн Банкнаас “Уул уурхай ба оюун ухаан: Байгалийн баялгийн өгөөжийг институци болон хүний хөгжилд чиглүүлэх нь” сэдэвт эдийн засгийн хөгжлийн загварын тойм судалгааг гаргаад байна.

Монгол Улсын хувьд уул уурхайн салбараас олсон нэг ам.доллар тутмын зөвхөн нэг центийг л хуримтлуулж байсан бөгөөд тус салбараас олсон орлогын дийлэнхийг нь улс төрийн популист хөтөлбөрүүдэд зарцуулагдаж ирснийг онцолсон байна.

Ингэхдээ уул уурхайг ашиглаж эхлэхийн өмнөх үе(1998-2003) ба дараах үе(2004-2019)-ийн зарцуулалтыг харьцуулан судалжээ.

Уул уурхайн баялгийг ашиглаж эхэлсэн эхний жилүүдэд төсвийн зарцуулалтын хандлага өөрчлөгдөөгүй ба тухайн үед ДНБ-д эзлэх улсын өрийн хувь хэмжээ буурч байжээ. Харин 2008, 2012, 2016 оны сонгуулийн жилүүдэд

  • нийгмийн шилжүүлгийн зардал (ДНБ-ий 3.1%)
  • улсын хөрөнгө оруулалт (ДНБ-ий 6.3%)
  • төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийн зардал (ДНБ-ий 1.8%) огцом өсчээ.

Энэ үеийн уул уурхайн орлого ДНБ-ий 6.7 хувьтай тэнцэж байгаа тул эдгээр нэмэлт зардлыг шинэ зээллэгээр санхүүжүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл, уур уурхайн салбараас орж ирсэн орлогыг эдийн засгийн үр ашгаас илүүтэй улс төрийн сонирхлоор зарцуулж иржээ. Дээрх гурван төрлөөр зарцуулсан гэж үзвэл уул уурхайн орлогын

  • 56%-ийг улсын хөрөнгө оруулалт
  • 28%-ийг нийгмийн шилжүүлэг
  • 16%-ийг цалин, тэтгэвэрт зарцуулсан байна.

Дэлхийн жишигтэй харьцуулахад Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалт үр ашиггүй, нийгмийн шилжүүлэг нь өгөөмөр, бүтээмжийн өсөлт муу байгаагийн гол шалтгаан болсон байх нь.

Харин сүүлийн жилүүдэд уул уурхайн орлогыг илүү зохистой зарцуулах хандлага ажиглагдаж байгааг Дэлхийн банк дурдсан байна.

Тухайлбал, уул уурхайн салбарын орлого 2017-2019 онуудад дунджаар ДНБ-ий 7.2%-ийг бүрдүүлсэн бөгөөд энэ нь сүүлийн 10 жилийн хамгийн өндөр дүнд тооцогдож байна. Мөн уул уурхайн орлогын нэлээд хэсгийг хоёр санг зузаатгах, өндөр өртөгтэй өрийг барагдуулахад зарцуулсныг онцолжээ. Тодруулбал, ДНБ-нд эзлэх улсын өрийн хэмжээ гурван жил дараалан буурч, ДНБ-ий 2.5%-аас их хэмжээний хөрөнгийг Тогтворжуулалтын сан болон Ирээдүйн өв санд хуримтлуулжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн