Рональдино: Мессиг хүүхэд байхаас нь мэддэг гэж бардам хэлнэ

[starbox]

“Барселона”-гийн элч, алдарт хөлбөмбөгчин Рональдиногийн RT-д өгсөн ярилцлагыг товчлон хүргэж байна.

-Та хөлбөмбөг хэмээх спортыг өөрийнхөө нэрээр сурталчлах элчүүдийн нэг болон Казаньд хүрэлцэн иржээ. Таны хувьд долоон настайдаа ийм том амжилтад хүрч чадна гэж төсөөлж байсан болов уу?

-Үгүй ээ. Тэр үед би тодорхой хэмжээний амжилтад хүрнэ ч гэж бодож байсангүй. Үргэлж л хөлбөмбөг тоглохыг мөрөөддөг байлаа. Харин 12 нас хүрэхдээ үүнд л амьдралаа зориулахыг хүсч, шийдвэр гаргасан. Үүнээс өмнө би зүгээр л бөмбөгтэй ноцолдохыг хүсдэг байснаас хэтэрч байгаагүй.

-Европ дахь хамгийн анхны баг тань Францын “Пари Сен-Жермен”. Таны анхны туршлага хэр хүнд байв?

-Үнэхээр гайхалтай үе байсан. Парис бол гайхамшигтай, шидтэй хот. Би энэ хотод маш их дуртай. Миний хувьд далайн чанадад Августин Окоча, Николя Анелька гээд олон алдартай хөлбөмбөгчинтэй мөр зэрэгцэн карьераа эхлүүлж байсандаа азтай. Би энэ багаас ихийг сурьсан.

-2003 онд Франк Райкардын санаачилгаар “Барселона”-д шилжсэн. Голланд эр танд асар их эрх чөлөө олгосон гэж та үргэлж ярьдаг. Тэгэхээр тухайн мөчид өөр дасгалжуулагч таныг удирддаг байсан бол бид өдгөө шүтээн болсон Рональдиногоо таних байсан болов уу?

-Франк миний хувьд хамгийн шилдэг дасгалжуулагч, сайн найз болсон. Сайхан ч хүн, чадварлаг ч мэргэжилтэн. Мэдээж удирдагч, зааварлагч тань таны таалагдаж байгаа зүйлийг хийхийг зөвшөөрөхөөс илүү сайхан гэж юу байх вэ. Харин тэр хэнд итгэх ёстойгоо мэдэрсэн. Зөвхөн надад ч биш, үлдсэн тоглогчдодоо ч ялгаагүй. Энэ бол миний амьдралын хамгийн гайхалтай үе.

-“Барселона”-гийн бүрэлдэхүүнд л таны тоглогчийн авьяас бүрэн утгаараа илэрсэн. Та тэндээс олон ч сайн найзтай болсон. Харин Декаг хамгийн сайн найзаа гэж нэг бус удаа хэлж байсан…

-Бидний нөхөрлөл хувцас солих өрөө, хөлбөмбөгийн талбайхнаар хязгаарлагдаж байсангүй. Бид энгийн үед ч найзууд байсан. Бас Тьяго Мотто, Карлес Пуйоль зэрэгтэй дотно нөхөрлөдөг байв.

-Жирийн үед найз нөхөдтэйгөө ойр дотно байх нь хэр чухал вэ?

-Хамтдаа ажилладаг хэрнээямар нэгэн холбоогүй хүмүүс байдаг шүү дээ. Харин нөхөрлөл гэдэг ажлын бус цагаар ч үргэлжилдэг. Миний хувьд тун азтай. Найзтайгаа хамт, найзынхаа эхлэл дор дасгал сургуулилт хийн хөдөлмөрлөдөг байлаа. Эргэлзэх юмгүй, энэ бүхэн намайг Европт дасан зохицоход тус болсон байх.

-2015 оны арваннэгдүгээр сарын 17-нд юу болсныг сайн санаж байна уу?

-Би он сар өдрийг санахдаа муу.

-Энэ өдөр “Сантьяго Бернабеу”-д эцэж цуцсан нэгэн тоглогчэнэ тоглолтод өөрөө дубль гүйцэтгэсэн ч өрсөлдөөний дараа түүхэндээ анх удаа “Барселона”-гийн тоглогчид алга нижигнүүлэн ташсан.Энэ тоглогч нь та байсан…

-Өдгөө энэ бүрэн надад маш их баяр баясгаланг авчирч байна. Тэр үед би болсон үйл явдлыг огт анзаараагүй юм байна шүү. Тоглолтдоо улайраад ийм зүйлсийг анзаараагүй гэх үү дээ. Дараа нь олон жил өнгөрсний дараа та тэр бүхнээ эргэн хараад цөөн хөлбөмбөгчинд л тохиож болох түүхэн, аз жаргалтай мөч болохыг ойлгоно. Та өнөөдөр намайг баяр бахдалаар дүүргэлээ.

-Таны өвөрмөц гоол оруулсан хэсгүүд одоо ч интернэтээр цацагдаж, асар их нэр хүндтэй хэвээр байна. Зарим нь бүр тодорхой нэртэй болсон байна билээ. Харин таны сэтгэлд үлдсэн хамгийн тод бөмбөгөө нэрлээч гэвэл…

-Боломжгүй. Цорын ганцыг сонгоно гэдэг хэцүү. Тэгээд ч би ухаан орсон цагаасаа хойш бүхий л хугацаандаа хөлбөмбөг тоглож байна шүү дээ. Мини хөлбөмбөгөөс эхэлсэн. Дараа нь “Гремио”, “Пари Сен-Жермен”, “Барселона”, “Милан”, “Фламенго”, “Атлетико Минейро”, “Керетаро”-д элссэн. Бурхны авралаар би олон гоол оруулж байсан, тэдгээрийн зарим нь тун гоё болсон азтай.

-Тухайн үедээ та “Барселона”-тай 25 сая еврогийн гэрээ байгуулж байлаа. Тэр үедээ л асар их тоо шүү дээ. Гэвч өнөөдөр Гарет Бэйл, Криштиану Роналду, Поль Погба зэрэг хөлбөмбөгчид 100 гаруй сая ам.доллар олдог болжээ. Спортын салбар оюун ухааны хил хязгаараасаа давсан мэт санагдахгүй байна уу. Энэ арай л хэтэрсэн үнэ биш гэж үү?

-Танд юу гэж хариулахаа мэдэхгүй байна… Би хөлбөмбөгийг хэзээ ч мөнгөний төлөө тоглож байгаагүй. Заримдаа алдаж боломгүй боломжууд гарч ирж л байдаг. Үнэнийг хэлэхэд би хэзээ ч үүнд анхаарч байсангүй. Миний хувьд үргэлж л хөлбөмбөг хамгийн чухал нь байсан. Бас түүнээсээ авдаг таашаал. Бас овоо мөнгө авч, гэр бүлдээ туслдаг байсандаа азтай. Ерөнхийдөө би мөнгөний асуудал дээр тийм ч сайн биш ээ. Хүмүүс хүнийг давуу талаар нь л үнэлдэг гэж би боддог.

-Та Ромарио, Ривалдо, Роналдо нарын араас Испанид ирсэн шүү дээ. Эдгээр хөлбөмбөгчид Испанийн хөлбөмбөгийн салбарт баяр баясал авч ирсэн хүмүүс. Үүнээс гадна тэд юугаараа дуурсагдсан гэж та боддог вэ?

-Тэд гурвуулаа маш авьяаслаг хөлбөмбөгчид. Тэд тус улсын болон хөлбөмбөгийн түүхийн нэг хэсэг болж чадсан. Миний хувьд Бразилийн хөлбөмбөгийн домгуудтай мөр зэрэгцэн тоглох боломж тохиож байснаараа азтай. Анх “Барселона”-гийн төлөө тоглож эхлэхэд надад асар их үүрэг хариуцлага ногдож байсан. Учир нь би Ромарио, Роналдо, Ривалдо нарын араас тус багт орсон шүү дээ. Энэ бүхэн надад асар их үүрэг хариуцлага болж ирсэн.

-Ро-Ри-Ро нэмэх нь Кака…

-Яг тийм. Би зүгээр л аз жаргалтай. Дэлхий дахинаа аль хэдийнэ шилдэг болсон дөрвөн тоглогчтой нэгэн цагт мөчид, нэгэн багт тоглоно гэдэг. Би, Роналдо, Ривалдо, Кака гээд бид дөрвүүлээ хамтдаа. Өмнө нь ийм зүйл тохиож байсныг би санахгүй байна.

-ДАШТ-ээр бид Аргентины шигшээ багийг, түүний удирдагч Лионель Мессиг харах нь уу, үгүй юу гэдэг нь тодорхойгүй. Таны хувьд түүнтэй тоглож байсан хүн. Месси “Барселона”-гийн төлөө 500 дахь гоолоо оруулж байхад та Альбасетэд эдгээр гоолуудын эхнийхийг нь оруулахад тусалж байснаа сануулсан захидал явуулсан уу?

-Үгүй.

-Лионелийн талаар танд ямар дурсамж үлдсэн бэ?

-Тэр авьяаслаг тоглогч гэдгээ үргэлж харуулж, маш чанартай хөлбөмбөгийг үзүүлдэг байсан. Би түүний тухай үргэлж бахархалтайгаар ярьдаг. Яагаад гэвэл Мессиг хүүхэд байхаас нь мэднэ. Би түүний аав, гэр бүлтэй нөхөрлөдөг байсан болохоор түүний карьер, шинэ амжилт бүрийг тааламжтайяа ажиглаж суудаг.

-Месси “Барселона”-д таны номероор буюу 10 дугаартай оролцдог. Тэр ч үүнийг энгийн нэгэн давхцал л гэж хэлдэг. Нэгэн цагийн од та залуусыг өөрийн тань замналаар явах, залгамж халааг авахыг хэрхэн хүлээн авдаг вэ?

-Мэдээж баярлалгүй яах вэ. Шинэ, авьяаслаг тоглогчийг хараад л хөлбөмбөг үргэлж орших юм байна гэж ойлгоно шүү дээ. Харин өнгөрснөө эргэн хараад, таны өмнө хэн ч байхгүй гэвэл асар муу. Бүх зүйл хэвийн бол баярлах л хэрэгтэй.

-Неймарыг шинэ Рональдино гэж хэлдэг. Харин тэр таныг өөрийнхөө шүтээнээ гээд, энэ харьцуулалтад маш их дургүй. Тэр таны амжилтад хүрч чадах болов уу?

-Надад ч бас харьцуулалт таалагддаггүй. Тэр сайхан тоглодог, удахгүй №1 болно гэж боддог. Би үүнийг маш их хүлээж байна. Хэргийн гол учир нь тэр бразил хүн, миний найздаа ч биш. Харин тэр хөлбөмбөгчин шиг хөдөлмөрлөж чаддаг. Гэхдээ оргилд Месси байгаа цагт үлдсэн бүгдийнх нь амьдрал хүндхэн байна. Хэдий тийм ч би Неймарт боломж гарна гэж бодож байна.

-Та “Барселона”-даа хөлбөмбөгийн клубын элчээр эргэн иржээ?

-Миний хувьд ёстой гэнэтийн зүйл болсон. Шинэ албандаа сэтгэл хангалуун байна. Бас ийм залуу хэрнээ элчийн журмаар клубээ танилцуулж байгаадаа бахархаж байна. Надад яг юу хийх ёстойг тайлбарлах хэрэгтэй байгаа л даа. Гэхдээ миний үүрэг багаасаа гарснаасаа хойш нэг их өөрчлөгдөөгүй гэж бодож байна. Юутай ч би клубын элчээрээ үлдэж, “Барселона”-гийн домогт тоглогчдын тэмцээнүүдэд оролцлоо шүү дээ. Үнэхээр таатай ажил. Энэ ажлаа үргэлжлүүлмээр байна.

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн